1. ОРЛОГО, ЗАРЛАГАА ҮНЭН ЗӨВ, НАРИЙН ГАРГАХ
Мөнгөө хадгалах, удирдах хамгийн эхний урьдач нөхцөл бол энэ. Хэрвээ таны орлогын эх үүсвэр олон биш, зардал гаргадаг зүйлс тань нэг их биш бол тооцоход харьцангуй хялбар. Харин орлогын хэд хэдэн эх үүсвэртэй, орлого цувж ордог, нөгөө талаас олон зүйлд зардал гаргадаг бол үүнийг хэсэг хугацаанд, магадгүй 2-3 сар нарийн бүртгэж байж л мэдэх боломжтой. Хоол унд, унаа, найз нөхөдтэй уулзах, гэртээ юм авах гээд олон төрөлд салбарладаг зарлагыг бүртгэх нь өөрийн хэрэглээний зан төлөвийг мэдэхэд бас тустай. Хэрвээ та гэр бүлтэй бол гэрийнхээ орлого, зарлагыг мэдээж гарцаагүй гаргах ёстой болно.
2. ӨӨРИЙН ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ МЭДЭХ
Та сард 1 сая төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Долоо хоногийн ажлын 40, сарын 160 цагт хуваавал та нэг цагт 6,250 төгрөг олдог байх нь. Нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмжээ мэддэг байх нь аливаа мөнгөний шийдвэр гаргахад тустай. Жишээ нь та 15,000 төгрөгөөр машинаа угаалгах уу, эсвэл өөрөө гараашдаа нэг цаг угаах уу гэж бодож байвал нэг цаг ажиллаад хэдэн төгрөг олдгоо санах хэрэгтэй юм. Энэ тохиолдолд таны 2 цагийн ажлын хөлсөөс өндөр дүнтэй байгаа тул боломж байвал гэрийнхээ гадаа нэг цаг өөрөө угаачих нь дээр байж магадгүй. Гэхдээ тав тух гэх мэт өөр тооцох ёстой хүчин зүйлүүд бас бий л дээ.
Ямартай ч нэг зүйлийг байнга санах ёстой нь, цаг бол мөнгө. Товчхондоо цаг их үрсэн ашиг багатай ажлаас бага цагт их орлого олох ажлыг илүүд үзээрэй.
3. ӨӨРИЙНХӨӨ МӨНГӨТЭЙ ХАРИЛЦАХ ЗАН ТӨЛӨВИЙГ ОЛЖ ТОГТООН, ҮҮНД ТОХИРСОН ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАХ
Зарим хүмүүс угийн л өгөөмөр, хатуухан хэлбэл гар султай байдаг. Харин зарим нь багаасаа л арвич хямгач байдаг. Үүнийг уншиж байгаа та өөрийгөө мөнгөтэй хэрхэн харьцдагаа гадарлаж байгаа. Та тодорхой зарим зүйлд ихээхэн гар чангатай, харин зарим зүйлд мөнгө хайрладаггүй байх өндөр магадлалтай. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд тохирсон шийдвэрүүдийг гаргаад явах нь зөв алхам болно.
Жишээ нь, та үрэлгэн талдаа байдаг бол гэр бүлийнхээ хүнд санхүүгээ бүрэн атгуулсан ч болно шүү дээ. Харин арвич хямгач бол зарим зүйлд хэтэрхий гар татаад байдаг юм биш гэдгээ бас үе үе нягталж байх хэрэгтэй. Мөнгө хадгалъя гэвэл мэдээж хямгач байх нь зөв. Гэхдээ хүмүүст аягүй сэтгэгдэл төрүүлж, харамч хахираараа дуудуулаад байвал хэмнэсний хэрэг юу билээ.
4. ХЭМНЭСЭН ШИГ ХЭМНЭ
Харамч хүн хоёр төлнө гэж үг бий. Олон хүн жишээ нь цөөн хувцсаа л байнга өмсдөг. Шүүгээнд нь цөөхөн өмссөн, бараг өмсдөггүй өчнөөн хувцас байдаг. Өнөөх л гайхал Паретогийн 80/20 зарчим! Тэгэхээр олон хувцсанд их мөнгө үрэлгүй, өмсөх дуртай хувцсаа л хамгийн чанартайгаас нь, магадгүй нэг биш хоёр гурваар нь авах нь ихээхэн мөнгө хэмнэж байж мэдэх юм шүү. Хэмнэнэ гээд хямд хувцас аваад өмсдөг, тэр нь нэгт сэтгэл ханамж өгөхгүй, хоёрт эдэлгээ богинотой байгаад байвал хэцүү еэ.
5. УХААЛАГ ХУДАЛДАН АВАЛТ
Хүнд юм худалдаж авах хүсэл байнга л төрж байдаг. Бид ер нь нийт худалдан авалтынхаа цөөнгүй хувийг сэтгэл хөдлөлөөр хийдэг шүү дээ. Тиймээс хэсэг хугацаанд тэвчээд үзвэл үнэхээр тэр зүйл өөрт хэрэгтэй юу, үгүй юу гэдэг нь мэдэгдэнэ. 30 хоногийн дараа үнэхээр авмаар байгаа эсэхээ өөрөөсөө нэг асуугаарай.
Түүнчлэн бөөнөөр нь авах, хямдралтай үеэр худалдан авахын чухлыг энд дурдах ёстой ёстой. Ялангуяа хүнсний зүйл бол байрны доорх хүнсний жижиг дэлгүүрээс бус, хагас бүтэн сайнд зах орж бөөндвөл хямдаас гадна хүнс шинээрээ байдаг шүү дээ. Мөн цагийн юмыг цагт нь авах! Жишээ нь, авах л ёстой өвлийн дугуйг 12 сар гаргаж авбал үнэ нь улам л нэмэгдчихнэ.
Ер нь хүний ухаан яаж мөнгө олохдоо бус, хэрхэн зарцуулахдаа харагддаг юм гэсэн шүү.
6. БҮХНИЙГ МӨНГӨӨР БҮҮ ХЭМЖ
Бүхнийг ил харагдах мөнгөн дүнгээр хэмжих нь өрөөсгөл. Аливаа мөнгөн дүнгийн ард сэтгэл ханамж, тав тух, амьдралыг хүндрүүлэх буюу хөнгөвчлөх чадал дагалдаж байдаг. Өөрөөр хэлбэл, мөнгө зарцуулж, хэмнэж байгаа зүйлийн өгч буй шууд бус үр нөлөөг байнга тооцож байх хэрэгтэй. Нэг хураасан цалингаараа 3 улсаар аялах уу? Заримд хүнд шал дэмий, ухаангүй үйлдэл мэт байж болно. Харин юм үзэж нүд тайлаад, илүү сайн ажиллах эрч хүч, урам зориг аваад, шинэ найз нөхөдтэй болоод ирсэн бол зөв ч хөрөнгө оруулалт болсон байж мэднэ. Нөгөө талаас та тодорхой хэмжээний хадгаламжтай, хуримтлалтай бол гэнэтийн асуудлуудад бэлэн байхаас гадна өөртөө илүү итгэлтэй болох, өндөр эрсдэлтэй бөгөөд өндөр өгөөжтэй алхам хийх боломжтой болох зэрэг давуу тал үүснэ.
7. ТЕХНОЛОГИЙГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАХ
Бүх л юм технологижоод, автоматжаад илүү ухаалаг, илүү үр ашигтай болоод байгаа үед мөнгөний менежментдээ үүнийг ашиглах ёстой. Сар бүрийн орлогоосоо тодорхой дүнг шууд хадгаламж руугаа хийх, тогтмол зардлуудаа автоматаар гаргадаг болгох, интернэт банк ашиглах зэрэг нь цаг ч, мөнгө ч хэмнэнэ. Түүнчлэн санхүүгээ удирдах апп, програмууд үй олноороо бий. Өөрт тохирохыг нь сонгоод тууштай хэрэглээд үзээрэй, үнэхээр үр дүнгээ өгдөг юм билээ.
8. ЗОРИЛГОТОЙГООР ХУРИМТЛАЛ ҮҮСГЭХ
Мөнгөний хэрэгцээ хэзээд гардаг. Зөвхөн өнөө маргаашаа болгоод, бодоод явах нь дэндүү ухаалаг бус үйлдэл. Нэг өдөр өвдөөд л эмнэлэг явах болоход дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж мэднэ. Тэгэхээр, нэгдүгээрт орлогоосоо давсан зардал гаргахгүй байх, хоёрдугаарт илүү гарсныг нь заавал цааш хадгаламжиндаа хийх! Ингэхдээ хадгалсан мөнгөөрөө юу хийхээ төсөөлж төлөвлөж, өөртөө зорилго болгон тавибал сэтгэл зүйн хувьд мөнгө хадгалах нь сэтгэл ханамж өгөх болно. Жишээ нь би жилдээ 6 сая төгрөг хадгалж чадвал тал мөнгөөр нь аялна гэдэг ч юм уу. Дөнгөж төрсөн хүүхдэдээ хадгаламжийн данс нээж өгөхдөө эцэг эхчүүд, насанд хүрэхээр нь машин юм уу байр авч өгнө гэдэг дээ.
9. САНХҮҮГИЙН МЭДЛЭГЭЭ БАЙНГА НЭМЭГДҮҮЛЭХ
Мөнгөтэй үр дүнтэй харилцахын тулд хүн наад захын ойлголтуудтай байхаас гадна санхүүгээ мэдлэгээ байнга нэмэгдүүлэхийг зорьдог байх хэрэгтэй. Доллар өсөж байна уу, банкны хүү өсөж байна уу, буурч байна уу, энэ нь миний ажил амьдралд хэрхэн нөлөөлөх билээ гэдгийг үе үе харж, энэ чиглэлийн зөвлөгөө, блог уншиж байвал сайн. Тэрчлэн өөрийн гэсэн санхүүгийн зөвлөх, менторуудтай болбол бүр л болоод явчих нь тэр.
Нэг сайхан мэдээ дуулгахад, манайх Монголын Банкны Холбоотой хамтран ТАНЫ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД: МӨНГӨӨ ХЭРХЭН ЗӨВ УДИРДАХ ВЭ? арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
10. ХӨРӨНГӨ ОРУУЛАХ
Хэрвээ та өдөр тутмын орлого зарлагадаа санаа зовохгүй байх хэмжээнд очсон бол хөрөнгө оруулах нь мөнгөө арвижуулах гол арга юм. Хувьцаанд хөрөнгө оруулах, үл хөдлөх хөрөнгө авч түрээслүүлэх зэрэг нь байнгын хөдөлмөр шаарддаггүйгээрээ давуу тал олгодог. Эртнээс хөрөнгө оруулж эхэлбэл ашгаа мөн л эртнээс хүртэж эхэлнэ гэсэн зарчим бийг мартаж үл болно. Хөрөнгө оруулагчид ашгаа аваад хувьцаагаа зарж дахин хувьцаа авах циклтэй байдаг. Хэрвээ та хөрөнгө оруулах боломжтой байвал, хөрөнгө оруулалтын ойлголт, зарчмуудыг мэддэг байх хэрэгтэй.